Showing posts with label Сонингийн нийтлэл. Show all posts
Showing posts with label Сонингийн нийтлэл. Show all posts

Nov 14, 2007

Оросын хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, үнийг барьж тогтоох нь

10 дугаар сарын сүүлээр ОХУ-ын Засгийн газар өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийхээ үнийг шууд тогтоох арга хэмжээ авсан. Энэ хугацаанд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины сонгуулийн компанит ажил явагдаж байгаа. Хүнсний бүтээгдэхүүний үнийн огцом өсөлт нь Путины нэр хүндэд сөргөөр нөлөөлөх бөгөөд ялангуяа тэтгэврийн хөгшчүүдэд илүү хүндээр тусах болно.

Үүнтэй холбогдуулан Оросын засгийн газар томоохон жижиглэнгийн худалдаачид болон хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй сайн дурын гэрээ байгуулсан байна. Сайн дурын гэрээ нь эдгээр худалдаачид засгийн газрын тавьсан саналаас татгалзсан тохиолдолд татварын байцаан шалгалт, торгууль ноогдуулах, бизнесээ алдах зэрэг эрсдэлд орж болзошгүй тул тэд бүгд энэхүү гэрээг хүлээн зөвшөөрчээ. Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнийг 2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл буюу Думын сонгуулийн хугацаанд энэхүү тогтоосон түвшинд барихаар болжээ.

Хүнсний бүтээгдэхүүний үнийг ингэж тогтоосноор Оросын эдийн засагт хүчтэй сөрөг нөлөөг үзүүлэхгүй байж болно. Үнийн өсөлт энэ жилийн төлөвлөж байсан 8 хувиас ийнхүү давсан нь Орос улсаас нөлөөлж чадахгүй гадны хүчин зүйлсээс шалтгаалжээ. Москва дахь Goldman Sachs-ын гүйцэтгэх захирал Rory MacFarquhar-ын хэлснээр зах зээл дээр үнийг тогтоон барих нь хомсдолд хүргэж, хар захын үйл ажиллагааг өөгшүүлэх зэргээр ямар их сөрөг үр дагавар авчрахыг Путин сайн мэдэж байх учиртай. Тиймээс үнийг ийнхүү барьж байгаа нь засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа бодлого болон үр дүнгийн талаар сонгогчдод тааламжтай сэтгэгдэл төрүүлэх гэсэн зорилготой гэж тэрээр хэлжээ.

Саяхан явуулсан санал асуулгаар Оросын хүн амын бараг тэн хагас нь хүнсний бүтээгдэхүүний үнэ ийнхүү өсч байгаа нь үйлдвэрлэгчид болон худалдаачдын хоорондын хуйвалдаантай холбоотой гэж үзжээ. Ард түмний зовлонгоор ашиг олж байгаа эдгээр худалдаачдыг цаашид шийтгэж магадгүй болоод байна.

Оросын засгийн газраас үнийг ийнхүү тогтоон барих зэргээр авч хэрэгжүүлж байгаа арга барил нь хөдөө аж ахуй болон банкны системийн зэрэг Оросын эдийн засгийн бүтцийн олон асуудлыг шийдвэрлэхэд сайн нөлөө үзүүлэхгүй гэж Путины зөвлөх байснаа одоогоор Путиныг хурцаар шүүмжлэх болсон Андрей Иларионов үзэж байна.

Эх сурвалж:

2007 оны 11-р сарын 9-ний өдрийн

Өдрийн сонин

Хятадад хэрэглээний үнэ огцом өсч байна. Инфляци нь Хятадын дараагийн чухал экспорт болох уу?

Бээжин хотын оршин суугч 62 настай, тэтгэвэрийнхээ орлогоор амьдардаг Сү Яцинг-тэй Wallmart-ийн ажилтан уулзаж ярилцсан байна. Сү болон түүний нөхөр сарын 263 ам.долларын тэтгэврийн мөнгө авдаг бөгөөд сүүлийн үед тэдний тэтгэврийн мөнгө амьдралд нь хүрэлцэхгүй болжээ. Сү-гийн хүнсэндээ хэрэглэдэг самрын тосны үнэ сүүлийн хэдэн сард 2 дахин үнэтэй болж бусад гол нэрийн бүтээгдэхүүний өртөг мөн нэмэгдэж байгаа зэргээс шалтгаалан тэд сүү хэрэглэхээ больж махыг буурцагаар орлуулан хэрэглэх болжээ. Тэд өлсөөгүй ч гэсэн үнэ ингэж хурдацтай өсч байгаа нь тэднийг айлгаж байгаа талаар Сү гомдоллосон байна. Сү-тэй адил Хятадын олон ард түмний амьдралд учирч байгаа энэхүү асуудал нь удахгүй дэлхийн бусад улс оронд ч өргөн тархаж ялангуяа Барууны Wallmart мэтийн том хэмжээний жижиглэнгийн худалдааныханд илүү хүндээр тусч болох юм. Учир нь гэвэл Хятадын үйлдвэрүүдээс хямд үнээр үйлдвэрлэгдэн гарч байгаа экспортын бараанууд, тухайлбал 15 ам.долларын үнэтэй ноосон цамц, 25 ам.долларын үнэтэй пүүз, 100 ам.долларын үнэтэй DVD тоглуулагч зэрэг нь эх газрын Хятад улс өөрийн эдийн засгаа тогтоон барихаар тэмцэж байх энэ хооронд эдгээр бараануудын үнэ нэмэгдэж эхлэх магадлалтай байна. Энэхүү өсөлт нь зайлшгүй бий болно гэдэгтэй бүх эрдэмтэд санал нэг биш байгаа боловч зарим эрдэмтдийн сэрэмжлүүлж байгаагаар Хятадын өртөг багатай үйлдвэрлэл нь дэлхий дахинд үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүний үнийн ер бусын тогтвортой байдалд хүргэхэд туслаж байсан эрин үеийн төгсгөл ирж байна гэжээ. Америкийн Төв банкны хуучин ерөнхийлөгч Alan Greenspan өөрийн бичсэн ном болон сонинд өгсөн ярилцлагандаа Хятадын экспортын барааны үнэ өсч байгаа нь дэлхийн инфляцид нөлөөлөх болно гэсэн байна. Ben Simpfendorfer, Royal Bank of Scotland, хэлэхдээ: “Сүүлийн арван жилд Хятад улс дифляцийн нөлөө үзүүлдэг байсан бол ирэх арван жилд эсрэгээрээ инфляцийн нөлөө үзүүлэх болно” гэжээ.

Одоохондоо Хятадын Wallmart-ийн хувьд энэхүү нөхцөл байдал сайн мэдэгдэхгүй байж болох ч үнийн өсөлт нь бодит зүйл болоод байна. Хятадын болон бусад хурдацтай хөгжиж байгаа улс орнуудын эрэлт хэрэгцээний улмаас газрын тос болон бусад төрөл бүрийн барааны үнэ сүүлийн хэдэн жилд эрс нэмэгдэж байна. Тэгэхдээ эдийн засагчдын санааг зовоож байгаа гол асуудал нь Хятадад гэнэт бий болсон үнийн харьцангуй өндөр өсөлт болон түүний гадны улс орнуудад нөлөөлөх явдал болоод байна. Энэ жил Хятадын Төв банкнаас хүүгээ таван удаа өсгөсөн хэдий ч хэрэглээний үнийн индекс нэмэгдсээр л байна. 8 дугаар сард жилийн инфляцийн түвшин сүүлийн 10 жилд гараагүйгээр хурдан өсч 6.5 хувьд хүрчээ.

Засгийн газар болон зарим эдийн засагчид энэхүү огцом өсөлтийг 2006 оны дунд үеээс мах болон шувуун бүтээгдэхүүний үнэ 49 хувиар гэнэт өссөнтэй шууд холбон тайлбарлаж байна. Хятадын хэрэглээний сагсны гуравны нэгээс дээш хувийг эзэлдэг хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн нь мал сүргийн тэжээлийн зардал өссөн болон малын өвчин гарсны улмаас 70 мянган гахай үхсэн зэрэгтэй холбоотой. 9 дүгээр сарын дундуур үнийг тогтвортой барихын тулд улсын нөөцөөс 30 мянган тонн гахайн махыг яаралтай бэлтгэн нийлүүлжээ.

Үүний зэрэгцээ бусад үнэ ч өссөөр байна. UBS-ын эдийн засагч Jonathan Anderson-ны үзэж байгаагаар Хятадад үл хөдлөх хөрөнгийн үнэ ойролцоогоор жилийн 10 хувиар нэмэгдсэн. 8 дугаар сарын инфляцийн дараагаар Хятадын засгийн газар улсын хяналтанд байдаг шатахуун, ус, цахилгаан зэргийн үнийг өсгөхгүй байх арга хэмжээ авчээ. Өндөр инфляци нь нийгмийн бухимдлыг нэмэгдүүлэхийг мэдэж байсан Засгийн газар аж ахуйн нэгж бизнес эрхлэгчдийг хэрэглэгчдийг хохироохоос урьдчилан сэргийлэх үүднээс тэдэнд сануулга өгсөн байна. Жишээ нь 8 дугаар сард бэлэн гоймонгийн үйлдвэрүүд хоорондоо хууль бусаар хуйвалдан үнээ өсгөсөн хэргээр Засгийн газраас тэднийг шийтгэжээ. Мөн үүний зэрэгцээгээр Бээжингийн эрх баригчид мужуудын засгийг цалингийн доод түвшний хэмжээг нэмэгдүүлэхийг шаардаж байна. Үүнд Бээжин, Шанхай, Шеньжэн, Гуанжоу болон Наньжин зэрэг хотууд цалингийн доод хэмжээг нэмэгдүүлжээ.

Дээрхи арга хэмжээ нь дэлхийн инфляцийн түвшин нэмэгдэхэд хүргэж болох юм. Хямд ажиллах хүчний улмаас л Хятад улс дэлхийн үйлдвэрлэлийн орон болж чадсан. Хятадын үйлдвэрлэлийн ажиллах нэг хүчний өртөг АНУ-ын үйлдвэрийн ажилчны цалингийн 4 хувьтай тэнцдэг гэсэн тооцоо байдаг. Харин одоо Хятадын эдийн засаг хүчирхэгжиж ДНБ-ний өсөлт 2 дугаар улиралд 11.9 хувьд хүрч, хот газрын ажилчдын бодит цалин хоёр оронгийн хувиар нэмэгдэж эхлэн, Засгийн газрын мэдээлж байгаагаар энэ оны эхний хагас жилд л гэхэд 18 хувиар өссөн байна. Мөн түүхий эд материалын үнэ нэмэгдэж байгаагаас үйлдвэрлэлийн зардал өсч байна. Үйлдвэрлэгчид энэ зардлыг хэрэглэгчдэд шууд дамжуулах бөгөөд Хятадын юанийн ханш чангарахад дээрх асуудал улам хүндрэлтэй болно. “Олон улсын хэмжээнд авч үзвэл Хятадаас авах импортын барааны үнэ нэмэгдэх болно” гэж BNP Paribas securities-ын эдийн засагч Чен Синдун хэлэв. Энэ 5 дугаар сард Хятадаас импортоор авсан барааны үнэ жилийн 0.1 хувиар нэмэгдэж байгааг бүртгэжээ. АНУ-ын Хөдөлмөрийн Яам 2005 оноос хойш Хятадын импортын үнийг судалж эхэлсэн бөгөөд тэр үеэс хойш үнэ сар бүр дор хаяж 0.3 хувиар нэмэгджээ.

Хэрвээ ийм маягаар үргэлжилвэл дэлхийн бусад улс орны төв банкуудад тэр дундаа АНУ-ын төв банкны ерөнхийлөгч Ben Bernanke-гийн хувьд асуудал бүр ч хүндрэлтэй болж ирэхээр байна. АНУ-ын сүүлийн үеийн эдийн засгийн байдлаас (ипотекийн хямрал) шалтгаалан Bernanke-ийн хүүгээ бууруулах гэж оролдож байгаа нь өндөр инфляцид хүргэж болохын хажуугаар АНУ-ын худалдааны хамгийн том түнш болох Хятадын инфляцийн асуудал нь түүний хүүгээ цаашид бууруулахад нь сөрөг нөлөө үзүүлнэ. Bernanke Бээжингийн эрх баригчдаас тусламж авч чадахгүй л болов уу. Хятадын тал өөрийн гэсэн үзэл баримтлалтай, мөн хэрэглээний үнийн талаар авч хэрэгжүүлж чадах хэрэгсэл нь хязгаарлагдмал. Өөрийн валютын хөрвөх чадварыг бууруулах замаар эдийн засгийн өсөлтөө бууруулж байгаа Хятадын тал эргэлтэнд байгаа мөнгөний хэмжээг бууруулахын тулд Хятадын арилжааны банкуудаас төв банкиндаа нөөц хэлбэрээр хадгалах мөнгөний хэмжээг нь энэ жилд гэхэд л 7 удаа нэмсэн боловч төдийлөн сайн үр дүнд хүрээгүй байна.

Хятадын төв банкны ерөнхийлөгч Жоу Шиаочуан-д тулгарч байгаа хүндрэлтэй асуудал нь Хятад улс нь эдийн засгийн төсөөлөл болон бодлого боловсруулах бодит, чанартай статистик дутагдалтай байгаатай холбоотой. Үүнээс гадна, мөнгөний болон сангийн бодлого нь улс төртэй нягт холбоотой байдаг. Хятадын ерөнхийлөгч Ху Жинтао-гийн цалинг нэмэгдүүлэн ядуу ажилчдыг эмнэлгийн үйлчилгээнд хамруулах зэргээр улсаас иргэдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах төсөл нь ард түмэнд сайнаар хүрч байгаа боловч инфляцийг нэмэгдүүлж болох юм. Цалин багатай ажилчдын цалингийн хэмжээ нэмэгдэхэд тэдний хэрэглээ нэмэгдэж илүү их мөнгө зарцуулах хандлагатай болж энэ нь инфляцийн асуудал болж хувирна гэж Ben Simpfendorfer хэлжээ. Дэлхийн банкны ахлах эдийн засагч байсан Albert Keidel хэлэхдээ: “Улс төрийн болгоомжлолоос болж эрх баригчид цаг тухайд нь гэнэтийн шаардлагатай арга хэмжээ авч чадахгүй байна” гэсэн байна.

Эдийн засгийн хурдацтай өсөлт нь инфляцийн өндөр түвшинд хүргэдэг болохыг Хятадын эрх баригчид ойлгож эхэлсэн. Хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа нь эрх баригчдийн зовоож байна. Хятад хүмүүс мөнгө их олж баяжих тусам мах их иддэг. Гахайн махны нийлүүлэлт нэмэгдээд ирэхээр энэ жилийн сүүлээр хүнсний бүтээгдэхүүний үнэ тогтворжоод ирэх байх гэсэн хэдий ч бэлчээрийн нутаг ховордож байгаа болон усны нөөцийн асуудал хэвээр байх болно гэж Хонг Конг-ийн JP Morgan-ны мэргэжилтэн хэлж байна.

Хятадын дэлхий даяарх экспорт нь зайлшгүй инфляцид хүргэнэ гэдэгтэй зарим эдийн засагчид санаа нийлэхгүй байна. Citibank-ны эдийн засагч Yiping Huang-ны хийсэн судалгааны ажилд, Хятадад цалин нэмэгдэхийн зэрэгцээ ажиллах хүчний ажлын чадавхи илүү сайжирч байгаагаас үйлдвэрлэгчид үнээ нэмэх шаардлагагүй хэмээжээ. Эдийн засагч Gerard Lyons-ын үзэж байгаагаар Хятад улс автомашин зэргийн илүү их үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн нь хэдэн жилийн дараа мөн дифляцийн нөлөө үзүүлэх болно гэжээ.

Сү болон түүний нөхөр өдөр тутмын хэрэглээний хүнснийхээ талаар санаа нь зовсон хэвээр л байна. Хэрвээ хувцас үнэтэй болох юм бол бид хуучин хувцсаа өмсчихнө, харин хоол хүнсний хувьд үнэ нь хичнээн өсч байсан ч гэсэн хоол идэх л болно гэж тэд хэлж байна.
Эх сурвалж:
2007 оны 10-р сарын 26-ны
Өдрийн сонин
Зууны мэдээ

Хойтон ам.долларын ханш сулрах магадлалтай

Нийгмийн толь Бямба, 2007 оны 11-р сарын 10

Төсвийн төсөлд тусгаснаар ирэх онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 10.1 хувьтай байх нь. Аж үйлдвэр тэр дундаа боловсруулах үйлдвэрийн салбарт хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, нэхмэл болон хувцас үйлдвэрлэлийн салбаруудад нэлээд өсөлт гаргахаар байгаа аж. Түүнчлэн ирэх оноос эхлэн "Оюу толгой" төслийн бэлтгэл ажлын хүрээнд дэд бүтэц барьж байгуулах ажил эхлэх юм байна. Түүнээс гадна бүтээн байгуулалтын томоохон төслүүд хэрэгжиж эхлэх бололтой. Мөн үйлдвэр технологийн парк байгуулах ажил ирэх оноос хийгдэхээр ирэх жилийн төсөлд тусгагдсан байна. Эдгээр бүтээн байгуулалтын ажлын үр дүнд үйлдвэрлэл, үйлчилгээ өсч, эдийн засгийн өсөлт нэмэгдэхээр байгаа бололтой. Улсын болон хувийн хөрөнгө оруулалт өсч, 40 мянган сууц хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбоотойгоор барилгын салбарын өсөлт харьцангуй хурдан байх нь. Өнгөрсөн жил татварын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулсаны дүнд татварын ачаалал багасч бизнөсийн үйл ажиллагаа идэвхжиж, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэн гэж үзэж байгаа аж.

Эцсийн хэрэглээний үнийн дүн ирэх онд бага зэрэг өсөхөөр байна
Шатах тослох материалын үнэ оны сүүлч болон ирэх онд нэмэгдэхээр байгаа аж. Дэлхийн зах зээл дээрх эрэлтээс шалтгаалан нефтийн үнэ буурахгүй байна. Тухайлбал, олон улсын энергийн агентлагаас гаргасан судалгаагаар дэлхийн нефтийн нэг өдрийн хэрэгцээ 88.2 сая баррелль буюу өнгөрсөн оны түвшингээс 2.56 хувиар өсөхөөр байна. Ирэх онд УИХ-ын ээлжит сонгууль болох, гадаад зах зээл дээр манай импортын зарим нэр төрлийн барааны үнэ өсөх хандлагатай уялдан ирэх жилийн эцэст хзрэглээний үнийн индекс бага зэрэг өсөх төлөвтэй байгаа бололтой. Ирэх жил инфляц нэг оронтой тоонд байхаар төсвийн төсөлд тусгажээ.

Экспортын хэмжээ дараа жил өснө
Эдийн засгийн өсөлт, томоохон төсөл хөтөлбөр хэрэгжиж уул уурхайн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн нэмэгдэж буйтай холбогдуулан экспортын хэмжээ өсч, гадаад валютын нөөц сүүлийн жилүүдэд нэмэгдэн, ирэх онд төгрөгийн ам.доллартай харьцах ханш бага зэрэг сулрах хандлагатай байгаа аж. Мөн дараагийн хоёр жилд ч бага зэрэг буурах боломжтой бололтой. Ирэх онд дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх гадаад худалдааны тэнцлийн ашиг 0.7-3.9 байхаар байна.

Экспортын хэмжээг ирэх онд 21.9 хувь харин дараагийн хоёр жилд нь 14-22 хувь хүртэл өсгөхөөр тооцож байгаа бөгөөд гадаад худалдааны тэнцэл ирэх онд 35, 2009-2010 онд 304 сая ам.долларын ашигтай байхаар тооцжээ. Энэ нь дэлхийн зах зэзл дээр алт, зэсийн үнэ харьцангуй тогтвортой байх, "Оюу толгой"," Таван толгой" зэрэг уул уурхайн томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжиж эхлэхтэй холбогдон уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэхээс шалтгаалах юм байна.

Ж.Байгал