Nov 14, 2007

Оросын хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, үнийг барьж тогтоох нь

10 дугаар сарын сүүлээр ОХУ-ын Засгийн газар өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийхээ үнийг шууд тогтоох арга хэмжээ авсан. Энэ хугацаанд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины сонгуулийн компанит ажил явагдаж байгаа. Хүнсний бүтээгдэхүүний үнийн огцом өсөлт нь Путины нэр хүндэд сөргөөр нөлөөлөх бөгөөд ялангуяа тэтгэврийн хөгшчүүдэд илүү хүндээр тусах болно.

Үүнтэй холбогдуулан Оросын засгийн газар томоохон жижиглэнгийн худалдаачид болон хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй сайн дурын гэрээ байгуулсан байна. Сайн дурын гэрээ нь эдгээр худалдаачид засгийн газрын тавьсан саналаас татгалзсан тохиолдолд татварын байцаан шалгалт, торгууль ноогдуулах, бизнесээ алдах зэрэг эрсдэлд орж болзошгүй тул тэд бүгд энэхүү гэрээг хүлээн зөвшөөрчээ. Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнийг 2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл буюу Думын сонгуулийн хугацаанд энэхүү тогтоосон түвшинд барихаар болжээ.

Хүнсний бүтээгдэхүүний үнийг ингэж тогтоосноор Оросын эдийн засагт хүчтэй сөрөг нөлөөг үзүүлэхгүй байж болно. Үнийн өсөлт энэ жилийн төлөвлөж байсан 8 хувиас ийнхүү давсан нь Орос улсаас нөлөөлж чадахгүй гадны хүчин зүйлсээс шалтгаалжээ. Москва дахь Goldman Sachs-ын гүйцэтгэх захирал Rory MacFarquhar-ын хэлснээр зах зээл дээр үнийг тогтоон барих нь хомсдолд хүргэж, хар захын үйл ажиллагааг өөгшүүлэх зэргээр ямар их сөрөг үр дагавар авчрахыг Путин сайн мэдэж байх учиртай. Тиймээс үнийг ийнхүү барьж байгаа нь засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа бодлого болон үр дүнгийн талаар сонгогчдод тааламжтай сэтгэгдэл төрүүлэх гэсэн зорилготой гэж тэрээр хэлжээ.

Саяхан явуулсан санал асуулгаар Оросын хүн амын бараг тэн хагас нь хүнсний бүтээгдэхүүний үнэ ийнхүү өсч байгаа нь үйлдвэрлэгчид болон худалдаачдын хоорондын хуйвалдаантай холбоотой гэж үзжээ. Ард түмний зовлонгоор ашиг олж байгаа эдгээр худалдаачдыг цаашид шийтгэж магадгүй болоод байна.

Оросын засгийн газраас үнийг ийнхүү тогтоон барих зэргээр авч хэрэгжүүлж байгаа арга барил нь хөдөө аж ахуй болон банкны системийн зэрэг Оросын эдийн засгийн бүтцийн олон асуудлыг шийдвэрлэхэд сайн нөлөө үзүүлэхгүй гэж Путины зөвлөх байснаа одоогоор Путиныг хурцаар шүүмжлэх болсон Андрей Иларионов үзэж байна.

Эх сурвалж:

2007 оны 11-р сарын 9-ний өдрийн

Өдрийн сонин

No comments: