Nov 14, 2007

Хойтон ам.долларын ханш сулрах магадлалтай

Нийгмийн толь Бямба, 2007 оны 11-р сарын 10

Төсвийн төсөлд тусгаснаар ирэх онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 10.1 хувьтай байх нь. Аж үйлдвэр тэр дундаа боловсруулах үйлдвэрийн салбарт хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, нэхмэл болон хувцас үйлдвэрлэлийн салбаруудад нэлээд өсөлт гаргахаар байгаа аж. Түүнчлэн ирэх оноос эхлэн "Оюу толгой" төслийн бэлтгэл ажлын хүрээнд дэд бүтэц барьж байгуулах ажил эхлэх юм байна. Түүнээс гадна бүтээн байгуулалтын томоохон төслүүд хэрэгжиж эхлэх бололтой. Мөн үйлдвэр технологийн парк байгуулах ажил ирэх оноос хийгдэхээр ирэх жилийн төсөлд тусгагдсан байна. Эдгээр бүтээн байгуулалтын ажлын үр дүнд үйлдвэрлэл, үйлчилгээ өсч, эдийн засгийн өсөлт нэмэгдэхээр байгаа бололтой. Улсын болон хувийн хөрөнгө оруулалт өсч, 40 мянган сууц хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбоотойгоор барилгын салбарын өсөлт харьцангуй хурдан байх нь. Өнгөрсөн жил татварын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулсаны дүнд татварын ачаалал багасч бизнөсийн үйл ажиллагаа идэвхжиж, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэн гэж үзэж байгаа аж.

Эцсийн хэрэглээний үнийн дүн ирэх онд бага зэрэг өсөхөөр байна
Шатах тослох материалын үнэ оны сүүлч болон ирэх онд нэмэгдэхээр байгаа аж. Дэлхийн зах зээл дээрх эрэлтээс шалтгаалан нефтийн үнэ буурахгүй байна. Тухайлбал, олон улсын энергийн агентлагаас гаргасан судалгаагаар дэлхийн нефтийн нэг өдрийн хэрэгцээ 88.2 сая баррелль буюу өнгөрсөн оны түвшингээс 2.56 хувиар өсөхөөр байна. Ирэх онд УИХ-ын ээлжит сонгууль болох, гадаад зах зээл дээр манай импортын зарим нэр төрлийн барааны үнэ өсөх хандлагатай уялдан ирэх жилийн эцэст хзрэглээний үнийн индекс бага зэрэг өсөх төлөвтэй байгаа бололтой. Ирэх жил инфляц нэг оронтой тоонд байхаар төсвийн төсөлд тусгажээ.

Экспортын хэмжээ дараа жил өснө
Эдийн засгийн өсөлт, томоохон төсөл хөтөлбөр хэрэгжиж уул уурхайн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн нэмэгдэж буйтай холбогдуулан экспортын хэмжээ өсч, гадаад валютын нөөц сүүлийн жилүүдэд нэмэгдэн, ирэх онд төгрөгийн ам.доллартай харьцах ханш бага зэрэг сулрах хандлагатай байгаа аж. Мөн дараагийн хоёр жилд ч бага зэрэг буурах боломжтой бололтой. Ирэх онд дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх гадаад худалдааны тэнцлийн ашиг 0.7-3.9 байхаар байна.

Экспортын хэмжээг ирэх онд 21.9 хувь харин дараагийн хоёр жилд нь 14-22 хувь хүртэл өсгөхөөр тооцож байгаа бөгөөд гадаад худалдааны тэнцэл ирэх онд 35, 2009-2010 онд 304 сая ам.долларын ашигтай байхаар тооцжээ. Энэ нь дэлхийн зах зэзл дээр алт, зэсийн үнэ харьцангуй тогтвортой байх, "Оюу толгой"," Таван толгой" зэрэг уул уурхайн томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжиж эхлэхтэй холбогдон уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэхээс шалтгаалах юм байна.

Ж.Байгал

No comments: